Өнөөдөр дэлхий дахины өмнө зүрх судасны өвчлөл, түүнээс үүдэлтэй нас баралт санаа зовоосон асуудал болж байна. Дэлхийн 3 хүн тутмын 1 нь буюу 31% нь зүрх судасны өвчнөөс болж нас бардаг ба зүрх судасны өвчнөөс болж нас барж буй 2 хүн тутмын 1 буюу 45% нь цусны даралт ихсэлттэй холбоотой байгаа юм. Мөн цус харвалтаас болж нас барж буй 2 хүн тутмын 1 нь цусны даралт ихсэлтээс үүдэлтэй байна.
Тэр дундаа Монгол улсад зүрх судасны эмгэг, цусны даралт ихсэлттэй холбоотой тархины цус харвалт нас баралтын гол шалтгаан болж байгаа юм. НҮБ-ын төрөлжсөн агентлагийн хамтарсан багаас 2015-2016 онд хийсэн үнэлгээгээр 100.000 хүн амд ногдох тархины цус харвалтын тохиолдлоор манай улс дэлхийд нэгдүгээрт бичигдэж, дэлхийн дунджаас даруй 4 дахин их байна. Нийт нас баралтын 30% орчим хувийг зүрхний шигдээс, цус харвалт зэрэг зүрх судасны өвчин эзэлдэг бөгөөд түүний гол эрсдэлт хүчин зүйл нь цусны даралт ихсэлт юм.
Тэгвэл зүрх судасны өвчлөл, түүнээс үүдэлтэй нас баралтыг бууруулах, ялангуяа хөгжиж буй орнуудад эл асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор Швейцарь улсын Новартис сан сайн санааны байгууллага “Эрүүл зүрх- Эрүүл хот” хөтөлбөрийг санаачлан 3 тивийн 3 улсад нэгэн зэрэг хэрэгжүүлж эхлээд байна.
Ази тивээс Монгол улсын нийслэл Улаанбаатар хот сонгогдож, “ЭРҮҮЛ ЗҮРХ-ЭРҮҮЛ УЛААНБААТАР” хөтөлбөр хэрэгжиж эхлээд байна. Энэхүү хөтөлбөрийг НЗДТГ, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Оном сан ТББ, Швейцарь улсын Новартис сан, ЭМ ХОЛБОО хамтран хэрэгжүүлж байгаа юм.
Хөтөлбөрийн хүрээнд:
-Нийслэлийн өрхийн эрүүл мэндийн төвүүдийн 350 гаруй эмч сувилагчийг сургалтад хамруулсан.
-Улаанбаатар хотын хүн амын дунд артерийн даралт ихдэлтийн тархалт болон түүний талаарх мэдлэг, хандлага, дадлыг тодорхойлох” суурь судалгааг нийслэлийн 52 хорооны 4600 гаруй иргэний дунд хийсэн.
-Монголын зүрх судасны эмч нарын холбоотой хамтран насанд хүрэгчдийн цусны даралт ихсэх өвчний эмнэл зүйн удирдамжийг боловсронгуй болгох ажил хийгдэж байна.
-Цусны даралт ихсэлт, зүрх судасны өвчний хүндрэл зэргийн талаар мэдээлэл олгох иргэдэд чиглэсэн аппликэйшн боловсруулах. зэрэг ажлыг эхлүүлэн амжилттай хэрэгжүүлж байна.
Энэхүү хөтөлбөр бүрэн дүүрэн хэрэгжсэнээр нийслэлийн иргэдэд үзүүлэх нийгмийн болон эмнэлгийн тусламж үйлчилгээ, тэр дундаа цусны даралт ихсэлттэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх ажил чанартай, хүртээмжтэй болохын зэрэгцээ Улаанбаатар хот “Цусны даралт ихсэлтийг амжилттай бууруулж, хянаж чадсан” жишиг хот болж, дэлхийн бусад хотуудад үлгэрлэх боломж бүрдэх юм.
2018 оны 03 сарын 16-ны өдөр 10,00 цагт Нийслэлийн төр захиргааны “Хангарьд” ордны хүндэтгэлийн танхимд “Эрүүл зүрх-Эрүүл Улаанбаатар” хөтөлбөрийн нээлтийн үйл ажиллагаа боллоо. Нээлтэнд Нийслэлийн засаг даргын орлогч Ш.Анхмаа, Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар, Оном сангийн гүйцэтгэх захирал Д.Наранжаргал, Эрүүл зүрх – Эрүүл Улаанбаатар хөтөлбөрийн удирдагч Т.Хулан тэргүүтэй албаны хүмүүс оролцлоо. Хөтөлбөртэй хамтран ажиллаж буй эхний ээлжийн 25 өрхийн эрүүл мэндийн төвд сүүлийн үеийн дэвшилтэт даралт хэмжих багажийг гардуулах үйл ажиллагаа болж өнгөрлөө. Цаашид Нийслэлийн нийт 142 өрхийн эрүүл мэндийн төвүүдтэй хамтран ажиллаж, эмч, эрүүл мэндийн ажилчдын сургалт, цусны даралт ихсэлтийн эмчилгээ, оношилгооны чиглэлээр бүрэн хамтран ажиллах юм.












