5-р сарын 17-ны өдөр бол дэлхий нийтээрээ ЦУСНЫ ДАРАЛТ ИХСЭЛТТЭЙ ТЭМЦЭХ ӨДӨР.
Дэлхийн төдийгүй Монголын хүн амын нас баралтын тэргүүлэх шалтгаан нь зүрх судасны өвчлөл, тэр дундаа цусны даралт ихсэлттэй шууд холбоотой байна.
Цусны даралт ихсэлт нь манай улсын хүн амын зүрх судасны эмгэг, тэр дундаа тархины цус харвалтын гол шалтгаан болж, үүнээс үүдэлтэй нас баралт нэмэгдсээр байна. Манай улс 100.000 хүн амд ногдох тархины цус харвалтын тохиолдлоор дэлхийд нэгдүгээрт бичигдэж буй нь дэлхийн дунджаас даруй 4 дахин их байгаа юм. Монгол улсад нийт нас баралтын 30% орчим хувийг зүрхний шигдээс, цус харвалт зэрэг зүрх судасны өвчин эзэлж байгааг судалгаагаар тогтоосон.
Зүрх судасны эмгэг, тархины цус харвалтаас урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой бөгөөд бидний амьдралын буруу дадал хэвшил, муу зуршил дээрх эрсдэлт байдалд хүргэсээр байгаа юм. Манай улсын цусны даралт ихсэлттэй хүмүүсийн дөнгөж 20,7% нь л эмчийн хяналтад байдаг бөгөөд тэдний ердөө 7.4% нь эмчилгээ үр дүнтэй буюу даралтаа хэвийн хэмжээнд барьж чаддаг гэсэн судалгааны дүн байна. Хамгийн аюултай нь цусны даралт ихсэлттэй иргэдийн дийлэнх нь буюу 70% нь даралт ихсэлттэй байгаагаа огт мэддэггүй нь судалгааны дүнгээс харагдсан болно.
Тийм ч учраас Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Оном сангийн хамтарсан ЭРҮҮЛ ЗҮРХ-ЭРҮҮЛ УЛААНБААТАР хөтөлбөрийн зүгээс “130/80” өдөрлөгийг ЦУСНЫ ДАРАЛТАА ХЯНАЖ СУРЦГААЯ! уриан дор 2018 оны 05 сарын 17-ны өдрийн 11 цагт Сүхбаатарын талбайд тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна.
Өдөрлөгийн үеэр дүүргийн эрүүл мэндийн төвүүд, зүрх судасны эмчилгээ оношилгоо үзүүлдэг ИНТЕРМЕД, УЛААНБААТАР СОНГДО, ГРАНДМЕД, МӨНГӨНГҮҮР, НОМУН зэрэг томоохон эмнэлгүүд, жишиг өрхийн эрүүл мэндийн төвүүд, зүрх судасны мэргэжлийн холбоод хамтран, иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох олон талт сургалт зөвлөгөө, урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоог үнэ төлбөргүй хүргэнэ.
Өдөрлөгийн үеэр зохион байгуулагдах ажлууд:
Зүрх судасны эмчийн үзлэг
Цусны даралт, тосгуурын чичиргээг хэмжих шинэ үеийн багажийн оношлогоо
Зүрх судасны эрсдлийг үнэлэх, түүнийг бууруулах зөвлөмж
Цусны даралтын хяналт, эмийн тогтвортой хэрэглээний талаар зөвлөмж
Иргэдийн эрүүл мэндийн боловсролыг нэмэгдүүлэх сургалт сурталчилгаа
Эрүүл хооллолтын зөвлөгөө
Дасгал хөдөлгөөн ба зүрх судасны өвчлөл сэдэвт зөвлөгөө
Эрүүл мэндийн олон төрлийн хөгжөөнт тоглоом зэрэг үйл ажиллагаанууд явагдана. Хөгжөөнт тоглоомын ялагчийг хамгийн сүүлийн үеийн Майкролайф даралт хэмжих автомат багажаар урамшуулах юм.
ЗҮРХ БҮХЭН УРҮҮЛ, ЖАРГАЛТАЙ БАЙГ









